Дэлхий даяар ложистикийн салбар олон талаараа хөгжиж урагшилж байгаа бөгөөд 2024 оны логистикийн хамгийн том чиг хандлагын нэг бол дижиталчлал юм. Технологийн дэвшилтэй холбоотой гарч буй ахиц дэвшил нь салбарын дотоод хийгээд гадаад бүхий л үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

1. Агуулахын автоматжуулалт ба робот техник
Ложистикийн аливаа байгууламжийн үйл ажиллагааг хурдасгах хамгийн сайн арга замуудын нэг бол ачааг тээвэрлэх, хадгалах, боловсруулах дотоод үйл явцад автоматжуулсан системийг ашиглах явдал юм. Тээвэрлэлтийн бүхий л үйл явцыг шуурхай, үр ашигтай болгохын тулд овоолгын кран, тавиурын шаттл систем зэрэг шийдлүүдийг аль хэдийн тавиураар тоноглогдсон байгууламжид ч нэгтгэх боломжтой.
Жил бүрийн Хар баасан гараг гэх мэт оргил эрэлттэй үеүүдэд роботуудыг ашиглах нь хамгийн үр ашигтай сонголт юм.
2. B2B цахим худалдаа
Цахим худалдаа нь анх бизнесээс хэрэглэгчдэд (B2C) чиглэсэн орчинд борлуулалт хийснээр хурдацтай өсч эхэлсэн. Гэсэн хэдий ч байгууллагууд хоорондын онлайн худалдаа өссөөр байгаа нь бизнесээс бизнес рүү (B2B) чиглэсэн цахим худалдааны зах зээлийг идэвхжүүлж байна. Компаниуд энэхүү худалдааны загварчлалаас жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн санал болгодог тав тух, тохиромжтой байдлаас илүү өндөр хүлээлттэй байгаа бөгөөд B2B зэх зээл хийгээд бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор ложистикийн хэрэгцээ шаардлага мөн өсөх төлөвтэй байна.
3. AI-ийн оролцоо
Нийлүүлэлтийн сүлжээнд хиймэл оюун ухаан (AI) нь 2024 онд мөн үндсэн суурь байх төлөвтэй байна. AI-ийн тусламжтай програм хангамжийн инженерчлэл нь бие даасан код үүсгэх, хуучирсан програмчлалын хэлүүдийг орчин үеийн хэл рүү орчуулах зэрэг сайжруулалтуудыг хийх болно. Ингэснээр инженерүүд механик ажилд бага цаг зарцуулж, илүү бүтээлч ажилд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.
AI дахь дэвшил нь R&D болон мэдээллийн технологийн хэлтсээс ч илүү гарах бөгөөд Gartner-ийн таамаглалаар 2026 он гэхэд компаниудын 80 гаруй хувь нь одоогийн 5 хувьтай харьцуулахад хиймэл оюун ухаанд суурилсан программуудыг үйлдвэрлэлийн орчинд ашиглах төлөвтэй байна.
4. Хамгийн богино хугацааны түгээлт
Сүүлийн үед хүргэлттэй холбоотой хэрэглэгчийн хүлээлт байнга нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн богино хугацааны түгээлт хийх сорилтын хүрээнд компаниуд өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөний улмаас байгууллагууд уламжлалт ложистикийн үйл явцыг өөрчлөх шаардлагатай нүүр тулсан. Жижиглэн худалдаачид илүү олон бүс нутгийн агуулах, илгээмжийг буулгах, цуглуулах цэгүүдийг байгуулж, худалдан авагчдад бараагаа худалдан авах цэгээс өөр газар буцааж өгөх боломжийг олгодог олон сувгийн стратегийг бий болгох төлөвтэй байна. Зорилго нь бизнесийн дотоод логистикийн үйл ажиллагааг оновчтой болгоход зайлшгүй шаардлагатай уян хатан байдал, хурдыг хангах явдал юм.
Дээр дурдсан 2024 оны ложистикийн чиг хандлагаас гадна Google, Amazon зэрэг үндэстэн дамнасан компаниуд мөн дроныг агаарын тээвэрлэлтэд ашиглаж эхэлж байна. Google-ийн сүлжээ Wing нь 2021 онд Австралид анх нэвтэрсэн бөгөөд 2024 онд мянга, сая сая багцыг хүргэх төлөвтэй байна.
5. Машин хэрэглэгчид
Бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл худалдах чадвартай хиймэл оюун ухаант программуудыг машин хэрэглэгчид гэж нэрлэдэг. Жишээ нь принтерийн хор дууссаныг илрүүлж, өөр хорыг шинээр захиалж өгдөг принтер байж болно. Энэхүү дэвшил нь ойрын жилүүдэд худалдаа, үйлдвэрлэлд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж Gartner үзэж байна. Машин хэрэглэгчдийн тэлэлт нь цахим худалдааны шинэ бүтээлээс илүү их нөлөө үзүүлэх хандлагатай байна.
Ложистикийн чиг хандлага дэлхийн эдийн засаг, технологийн дэвшлийг дагаж 2024 онд улам бүр хөгжих төлөвтэй байна. Ерөнхийдөө ложистикийн салбарууд автоматжуулалт, ажиллах хүчний хомсдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг сайжруулахын тулд бодит цагийн хяналтын олон төрлийн шийдлийг эрэлхийлэх болно. Гар аргаар хийгддэг процесс, дижитал ачааны зах зээл, бие даасан тээврийн хэрэгслийн шинэ технологийг нэвтрүүлэх нь ложистикийн салбарын удирдагчдын хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хэвээр байх том сорилт болох төлөвтэй байна.
Нийтлэл бичсэн: Г.Баттуул
Comments