top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Дижитал тээвэрлэлтийн үр ашиг: Зардлыг хэмнэх

Updated: Jul 6, 2023


achaa teever, teevriin mashin

Дижитал тээвэрлэлтийн үр ашиг: Зардлыг хэмнэх


Технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед тээврийн компаниуд дижитал технологийг өөрчлөлтийнхөө хурдасгуур болгон ашиглахын сацуу үйл ажиллагаагаа оновчтой болгох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр шинэ боломжуудыг нээж байна. Дижитал шийдлүүдийн хүчийг ашигласнаар компаниуд бизнесийн арга барилдаа хувьсгал хийж, үр дүнд нь зардлаа үлэмж хэмжээнд бууруулах боломж бүрдсэн. Өмнөх үетэй харьцуулахад зардлыг бууруулах нь компаниудын хувьд биелэгдэшгүй сорилт бус харин хялбар хүрч болохуйц бодит байдал болсон бөгөөд дижитал технологийн тусламжтайгаар ямар төрлийн зардлуудыг хэр хэмжээнд хэмнэх боломжтой болохыг харцгаая.


Түлшний зардал:


Ачаа тээврийн дижитал технологийг нэвтрүүлснээр маршрутын оновчлол, бодит цагийн хяналт, GPS хяналт зэрэг хэрэгслүүдийг ашиглах боломж бүрддэг ба ингэснээр түлшний зардлыг 5%-15%-аар хэмнэх боломжтой ажээ. Том машин механизмуудын хувьд түлшний зардал нь хамгийн өндөр хувийг эзэлдэг зардлуудын нэг бөгөөд 5-15% гэдэг үзүүлэлт нь бага мэт санагдаж байж болох ч бүтэн жилийн хугацаанд хэдэн арван мянган долларыг хэмнэх боломжтой гэсэн үг юм.



Засвар үйлчилгээний зардал:


Дижитал технологи нь тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, алсын зайнаас оношлох зэргээр аливаа том эвдрэл гэмтэл гарахаас өмнө асуудлыг олж, шийдвэрлэхэд туслах функцүүдийг санал болгодог. Цаашлаад машины бүрэн бүтэн байдлыг идэвхтэйгээр хянах, засвар үйлчилгээнд орох хуваарийг оновчтой гаргах зэргээр эвдрэлийг бууруулснаар ойролцоогоор 10%-15%-ийн засвар үйлчилгээний зардлыг хэмнэх боломжтой.


Цалингийн зардал:


Үйл ажиллагаандаа дижитал технологийг ашигласнаар удирдлагын ажлыг багасгаж, ихэнх процессийг автоматжуулж, ажиллах хүчийг оновчтой хуваарилж удирдах боломжтой. Цахим бүртгэлийн төхөөрөмж (ELDs), автоматжуулсан диспетчерийн систем, дижитал баримтжуулалт зэрэг функцүүдийн тусламжтайгаар тээврийн компаниуд бичиг цаасны ажлыг багасгаж, гарын авлагатай холбоотой алдааг арилгаж, жолоочид болон захиргааны ажилтнуудын цагийг хэмнэдэг. Зардлын бууралтын хувь нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн автоматжуулалтын түвшнээс шалтгаалах боловч судалгаанаас харахад хөдөлмөрийн зардлыг 10%-20%-аар бууруулах боломжтой байдаг байна.


Даатгалын хураамжийн зардал:


Телематик төхөөрөмж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын систем зэрэг технологийг нэвтрүүлснээр жолоочийн зан үйлийг үр дүнтэй хянах, ослоос урьдчилан сэргийлэх зэргээр эрсдэлийн менежментийг сайжруулах боломжууд бүрддэг. Аюулгүй байдлын түвшинг сайжруулж, осол эндлийн магадлалыг бууруулснаар компаниуд даатгалын шимтгэлийг бууруулах талаар тохиролцож болох бөгөөд хувь хэмжээнээсээ шалтгаалан даатгалын зардлыг 10%-30% хүртэл бууруулах боломжтой байдаг ажээ.


Удирдлагын зардал:


Ачаа тээврийн дижитал шийдлүүд нь захиргааны ажлыг бууруулж, бичиг цаасны ажлыг багасгаж, үйл ажиллагааны процессийг оновчой болгодог. Түүнчлэн ачааллыг тохируулах, ачаа зуучлах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ажлыг автоматжуулснаар компаниуд удирдлага болон үйл ажиллагааны нэмэлт зардлаа хэмнэх боломжтой. Зардлын бууралтын хувь нь үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдлаас хамаарах боловч судалгааны тооцооллоор 10%-25%-аар хэмнэх боломжтой байдаг байна.



Тээврийн компаниуд дижитал технологийн санал болгож буй асар их үнэ цэн, үр өгөөжийг хүлээн зөвшөөрч, боломж болгон ашиглах цаг нь иржээ. Ингэснээр өрсөлдөөний давуу талаа олж аваад зогсохгүй ачаа тээврийн салбарыг илүү үр ашигтай, тогтвортойгоор цэцэглэн хөгжихөд хувь нэмрээ оруулж чадах юм.



Sources:


  1. American Trucking Associations (ATA)

  2. International Road Transport Union (IRU)

  3. McKinsey & Company

  4. Frost & Sullivan

  5. PwC (Price Waterhouse & Coopers)

Нийтлэл бичсэн: Г. Баттуул

bottom of page