top of page
  • Writer's pictureChuluunmunkh sb

Uber Freight: Тээврийн "Хоосон Километр" арилгах боломжтой юу?

АНУ-ын тээврийн салбарын тэргүүлэгч компани болох Uber Freight тээврийн салбарынхны толгойны өвчин болоод буй “хоосон километр”-ийг бууруулах арга замуудыг судлан танилцуулсныг бид товчлон та бүхэнд хүргэж байна.


Хоосон километр туулах буюу ачаагүй зам туулах нь бизнесийн үр ашигийг үлэмж хэмжээнд бууруулаад зогсохгүй байгаль орчин, нийгэм, эдийн засагт ч их хэмжээний хор хөнөөлтэй процесс юм.


“АНУ-д хийгдэж буй нийт ачаа тээврийн 20-35% нь Хоосон километр байдаг гэсэн тооцоо бий”.

Хоосон километрт нөлөөлдөг үндсэн хүчин зүйлс:


1. Хуваагдмал байдал буюу буруу төлөвлөлт

2021 онд улс хоорондын 708 мянган ачаа тээвэрлэгч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 91% нь 10 ба түүнээс цөөн тооны ачааны машинтай байжээ. Энэхүү хуваагдал нь ялангуяа жижиг тээвэрлэгчид болон хувийн флотуудын үр ашгийг бууруулахад хүргэдэг бөгөөд энэ нь ил тод байдал хийгээд оновчтой дэвшилтэт шийдэл дутмаг байгаатай холбоотой.


2. Дотоод сүлжээний тэнцвэргүй байдал:

Эдийн засгийн үйл ажиллагаа нь цэг бүрийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг: хүн ам шигүү суурьшсан бүс нутаг, экспортын төвүүд бараа бүтээгдэхүүний дотогшоо урсгалыг шаарддаг бол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, импортын төвүүд бараа бүтээгдэхүүний гадагш урсгалыг бий болгодог. Эдгээр тээвэрлэлтийн бүх хөдөлгөөнийг бид нэгэн зэрэг хянах боломжгүй тохиолдолд зайлшгүй бий болж буй хоосон километрийг багасгах боломжгүй юм.


3. Эрэлт нийлүүлэлтийн нягтрал

Ачааны машины бөөгнөрөл өндөр байх нь ачаа зөөх боломжтой ойролцоох машин олоход хялбар байна гэсэн үг. Гэтэл бид ил тод байдлын дутмаг байдлаас үүдэн газарзүйн аль бүсэд машинуудыг ихээр бэлэн байлгах вэ гэдэг оновчлолыг хийж чаддаггүй. Энэ нь эрэлт их байгаа талд ачаатай боловч буцахдаа хоосон зам туулах тэнцвэргүй байдалд хүргэдэг.






Uber Freight-ийн санал болгож буй хоосон километрийг бууруулах арга зам:

Юуны түрүүнд одоогийн тээврийн сүлжээг оновчилж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд бидний хийх ёстой хамгийн суурь алхам нь ил тод байдлыг нэмэгдүүлэх бөгөөд тээврийн сүлжээг ил тодоор харж, хянах бүх боломжит хувилбарыг хэрэгжүүлэх хэрэгтэй.


Тээвэрлэлтийн урсгалыг хянах боломжтой байгаа цагт бид нийт ачаа тээврийн хөдөлгөөнийг цагийн интервалаар хуваах, гарах болон орох урсгалыг тэнцвэртэйгээр хуваарилах гээд төрөл бүрийн аргаар оновчилж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

“Бид тээврийн сүлжээг оновчтой болгох замаар хоосон милийн гуравны хоёрыг арилгах боломжтой”.


Хоосон зам туулснаар бий болох сөрөг үр дагаврууд:


Нэгдүгээрт, ачаагүй тээвэр хийх нь ачаатай тээвэр хийж байгаатай яг адил зардалтай. Эдгээр зардлын томоохон хувь нь тээвэрлэгчдэд, яван явсаар эцэст нь хэрэглэгчдэд шилждэг.


Хоёрдугаарт, эдгээр хоосон миль тээвэрчдийн амьдрал, амьжиргааг дэмий үрж байгааг мөн санах хэрэгтэй. Тээврийн статистикийн товчоо (BTS) трактор чиргүүл жил бүр 175 тэрбум хоосон миль явдаг гэж тооцоолжээ. Энэ нь АНУ-ын ачааны машины жолооч нар жил бүр 3.5 тэрбум цагийг хоосон жолоодно гэсэн үг бөгөөд энэ нь 5200 наслахтай тэнцүү юм.


Нэмж дурдахад, хоосон миль нь ачааны машины осол гарах магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд жил бүр 1000 гаруй хүний ​​аминд хүрдэг байна.


Ачаа тээврийн зах зээл нь үндсэндээ хуваагдмал, үр ашиггүй шинж чанартай. Өөр өөр газарзүйн цэг хоорондын ачаа тээврийн тэнцвэргүй байдал нь хоосон милийн ихээхэн хэсгийг бий болгодог. Гэсэн хэдий ч тээвэрлэлтийн ил тод байдал болон тээврийн сүлжээний оновчлол дутмаг байгаа нь хоосон миль ихсэхэд дутахааргүй хэмжээнд хувь нэмэр оруулдаг байна.


Хэдийгээр бид ойрын ирээдүйд хоосон километрийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах боломжгүй ч ил тод байдлыг нэмэгдүүлэх, сүлжээний үр ашгийг богино хугацаанд сайжруулах янз бүрийн арга замуудыг бага багаар туршиж, хэрэгжүүлсээр байх хэрэгтэй.


Эх сурвалж: "Uber Freight: Тээврийн хоосон миль-ийг арилгах боломжтой юу?"


Оруулж, эмхэтгэсэн Г.Баттуул



TUMEN TECH- DIGITAL TRUCKING PLATFORM





59 views0 comments
bottom of page