Мангас машинаас → ногоон инноваци руу
Updated: Jul 5
Ойрын ирээдүйд ачааны машинууд технологийн гайхамшиг болон хувирч, дизель хөдөлгүүрийн чимээ нь цахилгаанжуулалт, автоматжуулалтын симфониор солигдох болно. Жолоочгүй аваргуудын цуваа хурдны замаар өгсөж, бие биетэйгээ саадгүй харилцаж, өндөр түвшний нарийвчлалтайгаар үр ашгийг дээшлүүлдэг ертөнцийг төсөөлөөд үз дээ. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүр зураг биш, харин ачаа тээврийн салбарын ойрын бодит байдлын дүр төрх юм. Инноваци ба тогтвортой байдал хоорондоо уялдаа холбоотой хөгжих боломжтой өөрчлөлтийн эриний босгон дээр зогсож байгаа энэ үед ачааны машинуудын ирээдүй нь барааг тээвэрлэх явцад хувьсгал хийж, дэлхийн ложистикийн үндэс суурийг өөрчлөх шийдлүүдийг санал болгож байна. Мангас машинаас>>Ногоон инноваци руу.
Ачааны машины ирээдүйг тодорхойлж буй 3 төрлийн инновацитай танилцацгаая.
1. Ачааны цахилгаан машинууд
Цахилгаан ачааны машинууд нь тээврийн салбарт илүү тогтвортой тээврийн шийдлүүдийн хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй шинээр гарч ирж буй ангилал юм. Эдгээр ачааны машинууд нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, түлшнээс хараат байдлыг багасгахын тулд батерей эсвэл түлшний эсээр ажилладаг цахилгаан хөдөлгүүрийг ашигладаг. Цахилгаан ачааны машинууд нь илүү чимээгүй ажиллагаа, засвар үйлчилгээний зардлыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг сайжруулж, салбарт хувьсгал хийх боломжтой.

Дээрх зурагт үзүүлсэн Tesla Semi нь хүнд даацын ачааны тээврийн салбарт ердийн дизель ачааны машинаас цахилгаан болон технологийн дэвшилтэт хувилбарыг санал болгодог. Холын зайн хүчин чадал, гайхалтай гүйцэтгэл, шинэлэг шинж чанаруудаараа Tesla Semi нь урт хугацааны ачааны тээвэрлэлтийг тогтвортой, үр дүнтэй шийдлээр хангах замаар тээврийн салбарт хувьсгал хийх зорилготой.
Tesla Semi-ийн онцлох шинж чанаруудаас дурьдвал:
Өөр өөр хэмжээтэй батерейны сонголттой бөгөөд нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 500 миль (800км) ба түүнээс дээш зайд явах боломжтой.
Чиргүүлгүйгээр ердөө 5 секундын дотор 0-ээс 60 миль / цаг хүртэл хурдлах боломжтой бөгөөд энэ нь олон уламжлалт дизель ачааны машинаас илүү хурдан юм. Бүрэн ачааны чиргүүлтэй үед 20 секундын дотор 60 миль хурдалж, гайхалтай хүч чадал, гүйцэтгэлийг үзүүлдэг.
Одоогийн байдлаар хөгжүүлэлтийн шатандаа явж буй "Мега цэнэглэгч" нь ердөө 30 минутын хугацаанд цэнэглэгдэхэд 400 миль замыг туулах боломжтой хэмжээнд цэнэглэнэ.
Tesla Semi нь нэг удаадаа 80,000 паунд (3.6 тонн) хүртэл чирэх хүчин чадалтай бөгөөд энэ нь АНУ-ын хурдны замд зөвшөөрөгдөх дээд хэмжээ юм.
Батерейнууд нь хамгаалалтыг сайжруулж, ослын үед халдлагад өртөх эрсдэлийг багасгах зорилгоор байрладаг. Tesla Semi нь ердийн ачааны машинтай харьцуулахад мөргөлдөх эрсдэлийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах боломжтой.
2. Автомат ачааны машинууд
Өөрөө жолооддог ачааны машин гэгддэг бие даасан ачааны машинууд нь хүний оролцоогүйгээр ажиллах боломжтой дэвшилтэт технологиор тоноглогдсон. Эдгээр ачааны машинууд мэдрэгч, камер, хиймэл оюун ухааны системийг ашиглан орчноо мэдэрч, жолоодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Автомат ачааны машинууд нь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, жолоочийн алжаал ядаргааг багасгах, тээврийн салбарын ерөнхий үр ашгийг дээшлүүлэх чадвартай.

T-Pod 2 нь жолоочгүйгээр бие даан жолоодох зориулалттай. Автомат жолоодлогын технологийг ашиглан урьдчилан тодорхойлсон маршрутуудыг чиглүүлэх боломжтой.
Нэг цэнэглэлтээр 200 км (124 миль) замыг туулах боломжтой. Зайны хүчин чадал нь тохиргооноос хамаарч өөр өөр байж болно.
20 тонн хүртэлх ачааны даацтай бөгөөд их хэмжээний ачаа тээвэрлэх боломжийг олгодог.
Бие даан ажиллах аюулгүй байдлыг хангах мэдрэгч, камер, жолоочийн туслах систем зэрэг аюулгүй байдлын төрөл бүрийн функцуудыг агуулсан.
Агаарын эсэргүүцлийг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах оновчтой аэродинамик загвартай.
3. Ирээдүйн инновациуд
Устөрөгчийг цэвэр эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг ачааны машинууд нь агаарын эсэргүүцлийг бууруулж, түлшний хэмнэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа бөгөөд хоорондоо нягт уялдаатай ажилладаг хуваарилалтын технологи, телематикийн дэвшил зэрэг шинэ технологи, чиг хандлагын тусламжтайгаар хурдацтай хөгжсөөр байна.

Ирээдүйд ачаа тээврийн салбарт хувьсгал хийхээр амлаад буй “Mercedes Benz - Future Truck”-ийн шийдлүүд:
Хурдны зам дээр бие даан жолоодох боломжийг олгодог хурдны замын аэродинамик системийг багтаасан. Энэхүү систем нь хурд, тоормос, жолоодлогыг удирдахад зориулагдсан бөгөөд урт хугацаанд зам туулах үед аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлдэг.
Тээврийн хэрэгсэл болон хүрээлэн буй дэд бүтцийн хооронд саадгүй харилцаа холбоог бий болгохын тулд дэвшилтэт холболтын функцээр тоноглогдсон. Энэхүү холболт нь бодит цагийн өгөгдөл солилцох, флотыг удирдах, ухаалаг ложистикийн системийг нэгтгэн удирдах боломжийг олгодог.
Стерео камер нь нэг ба хоёр эгнээ, явган зорчигч, хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй объект зэрэг хяналтанд байгаа бүс дэх бүх объект, мөн замын гадаргуугийн нөхцөл байдлыг тодорхойлдог. Камер нь арын дэвсгэрээс ялгаатай бүх зүйлийг таних бөгөөд ингэснээр зайг нарийн хэмжих боломжтой.
Мэдрэгчид маш нарийн ажилладаг бөгөөд замын ирмэгийг тэмдэглэгээний шугамаар танихаас гадна замын хажуугийн шинж байдалд (жишээ нь, хашлага, ургамлаар) нь үндэслэн замын гадаргуугийн чиглэлийг тодорхойлох чадвартай.
Ачааны машин нь зөвхөн тээврийн хэрэгсэл төдий бус, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангадаг аж үйлдвэрийн тулгуур юм. Хүнд даацын ачааны машинаас эхлээд цахилгаан болон автомат тээврийн хэрэгсэл хүртэл ачааны машины ертөнц тасралтгүй хөгжиж байна. Олон төрлийн ачааны машинууд, тэдгээрийг дараагийн түвшинд гаргаж буй технологийг судалснаар бид орчин үеийн нийгэмд нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломж бүрдэх бөгөөд илүү үр ашигтай, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
ачаа тээвэр, инноваци машин
Нийтлэл бичсэн: Г. Баттуул
Tumen Tech Дижитал тээврийн платформ
