Дижитал ачаа тээврийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд технологи болон тээвэрлэлтийн огтлолцлын цэг болоод буй дижитал тээвэрлэлт нь зөвхөн ложистикийн салбарт дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлээд зогсохгүй нийгмийг бүхэлд нь өөрчлөн сайжруулах боломжуудыг бидэнд санал болгож байна. Түгжрэлийг бууруулж, жолооч тээвэрчдийн аюулгүй байдлыг хангахаас эхлээд эдийн засгийн өсөлт төдийгүй хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг маш олон давуу талуудтай. Энэхүү нийтлэлээр бид тээврийн салбар дахь дижиталчлал нь бидний нийгмийг хэрхэн өөрчлөн сайжруулах боломжтой талаар дэлгэрэнгүй танилцах болно.
Тээврийн аюулгүй байдлыг сайжруулах
Дижитал тээврийн технологи нь жолоочийн хяналтын сүлжээ, мөргөлдөөнөөс сэргийлэх систем, бодит цагийн хяналт зэрэг аюулгүй байдлын функцүүдийг агуулдаг. Эдгээр дэвшил нь жолоочийн алжаал ядралын зөрчил, анхаарал сарнилт, болгоомжгүй жолоодлого зэргээс шалтгаалсан ослын эрсдэлийг бууруулах замаар замын аюулгүй байдлыг сайжруулахад тусалдаг. АНУ-ын Тээврийн яамны тооцоолсноор мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх системийг өргөнөөр ашигласнаар жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй ачааны машины ослын 80 хүртэлх хувиас урьдчилан сэргийлэх боломжтой.
Эдийн засгийн өсөлт ба ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
Дижитал тээврийн платформууд нь жолооч, ачаа илгээгчдийг нэгдмэл санд холбож, аливаа бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчилж, илүү өргөн зах зээлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж чадна. Цаашлаад тээврийн салбар дахь дижитал шилжилтийн тусламжтайгаар ложистик, технологи, туслах үйлчилгээ зэрэг холбогдох салбаруудыг хөгжүүлж, салбартаа шинэ бизнесийн боломжууд болон ажлын байрыг бий болгох боломжтой юм. McKinsey & Company-ийн тайланд дурдсанаар дижитал ачаа тээврийн платформууд 2025 он гэхэд дэлхийд салбарынхаа эдийн засгийн үнэлгээг 1.5-2 их наяд ам.долларт хүргэх боломжтой.
Хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
Дэлхийн Банкны тооцоолсноор дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн нийтийн ашиглалтын замаас 2 км ба түүнээс дээш хол зайд амьдарч байгаа нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авах хүртээмжийг нь хязгаарладаг байна. Харин дижитал тээврийн тусламжтайгаар алслагдсан болон олон төрлийн үйлчилгээ хангалттай хэмжээнд авах боломжгүй бүс нутагт харилцаа холбоог сайжруулж, энэхүү ялгаатай байдлыг арилгахад туслах боломжтой ажээ. Дижитал платформыг ашигласнаар жолооч болон тээвэрлэгчид хоорондоо илүү хялбар бөгөөд хурдан хугацаанд холбогдох боломж бүрдэх бөгөөд хязгаарлагдмал бүс нутагт тээврийн үйлчилгээг идэвхжүүлж, цаашлаад эдийн засгийн өсөлтийг дэмжиж, алслагдсан байршлуудад оршин суугчдын бараа, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг үр ашигтай.

Өгөгдөлд суурилсан төлөвлөлт хийх
Дижитал тээврийн хамгийн чухал давуу талуулын нэг нь маршрут, хөдөлгөөний хэлбэр, хүргэлтийн хугацаа зэрэг тээврийн үйл ажиллагаатай холбоотой маш их хэмжээний ашигтай өгөгдлийг бидэнд бэлдэж өгдөг нь юм. Эдгээр өгөгдөлд дүн шинжилгээ хийснээр хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжүүлэлт, замын хөдөлгөөний зохицуулалтыг яаж хийх нь үр дүнтэй болох талаар үнэ цэнтэй тоо баримтуудтай танилцаж, шийдвэр гаргалтандаа ашиглах боломжтой юм. Бодлого тодорхойлогчид эдгээр давуу талуудыг ашиглан улсын хэмжээнд тээвэрлэлтийн системийг оновчтой болгох, түгжрэлийг бууруулах, хотын хөдөлгөөнийг үр ашигтай зохицуулах зэргээр иргэдийнхээ амьдралд бодитой өөрчлөлтийг авчрах сайжруулалтуудыг хийх боломжтой. Жишээлбэл, Лос Анжелес хотын захиргаа тээврийн дижитал платформын GPS өгөгдлийг ашиглан осолд өртөмтгий замын хэсгүүдийг тодорхойлж, аюулгүй байдлыг нь бодитоор сайжруулж чадсан байна.
Технологийн дэвшил нь тээврийн салбарт бизнесийн үр ашиг, бүтээмжийг бий болгоод зогсохгүй тогтвортой байдал, ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт гээд нийгмийн хэмжээнд асар их боломжуудыг бий болгож байна. Энэхүү нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд бодлого боловсруулагчид, салбарын тэргүүлэгчид хамтран ажиллаж, үр ашгийг нь гаргах маш чухал юм.
Эх сурвалж:
The U.S. Department of Transportation
European Commission
The American Trucking Associations
McKinsey & Company
The World Bank
Нийтлэл бичсэн Г. Баттуул