
Тогтвортой шийдлүүдийн хэрэгцээ улам бүр нэн чухал болж буй өнөөгийн эрин үед технологийн дэвшил нь бүхий л салбарт тогтвортой ирээдүйд хөтлөх хүчирхэг шийдэл болж байна. Бодит цагийн хяналт, дэвшилтэт аналитик, ложистикийн сүүлийн үеийн ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар бид зөвхөн бизнесийн үр ашгийг нэмэгдүүлж, зардлаа бууруулахаас гадна байгаль дэлхийдээ гайхалтай эерэг нөлөөллийг үзүүлэх боломжтой.
1). Байгалийн нөөцийг хамгаалах
Дижитал тээвэрлэлтийн гол хэрэгслүүд болох маршрутын оновчлол, тээврийн хэрэгслийн ашиглалтын менежмент, ачааллын хуваарилалт зэргийн тусламжтайгаар бид түлшний зарцуулалтыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Түлшний хэрэглээг бууруулснаар газрын тос болон хий зэрэг байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг олборлох хэрэгцээг багасгаж, цаашлаад хөрс, усны бохирдол зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахад тусалдаг байна. АНУ-ын “Эрчим Хүчний Хэлтэс”-ийн тооцоолсноор, зөвхөн маршрут, ачааллын хуваарилалтыг оновчтой болгох технологийг нэвтрүүлснээр тээврийн салбарын түлшний зарцуулалтыг 15% хүртэл бууруулах боломжтой.
2). Экосистемийг тэнцвэржүүлэх
Бидний сайн мэдэх уламжлалт тээвэрлэлтийн явцад ихэвчлэн хол зайд, үр ашиггүй маршрутаар, их хэмжээний хоосон миль туулах шаардлагатай болдог. Харин маршрут, ачааны хуваарилалтыг оновчтой болгоход чиглэсэн дижитал тээврийн систем нь нийт туулах замыг бууруулж, экологийн эмзэг бүс нутгаас зайлсхийхэд тусалдаг. Ингэснээр ой мод, намгархаг газар, зэрлэг ан амьтдын амьдрах орчин зэрэг экосистемийг хамгаалахад хувь нэмрээ оруулах боломжтой. “Journal of Transport Geography” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар дижитал ачаа тээврийн систем нь тээврийн хэрэгслийн нийт туулах замыг 20% хүртэл бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.
3). Хог хаягдлыг бууруулах
Дижитал тээвэрлэлт нь цахим баримт бичиг, харилцаа холбооны системийг ашиглан цаасгүй үйл ажиллагааг дэмждэг. Энэ нь цаасны хэрэглээг бууруулж, хог хаягдал үүсэхээс сэргийлэх бөгөөд ой модыг устаж үгүй болох, эрчим хүчний хэрэглээг хэтрүүлэх зэрэг хор уршигтай нөхцөл байдлаас сэргийлдэг. “The Environmental Paper Network” ачаа тээврийн салбарт бичиг баримтыг цахимжуулж цаасны хэрэглээг бууруулснаар жил бүр 20 сая хүртэлх модыг аврах боломжтой гэж тооцоолсон байна.
4). Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах:
Дижитал тээвэрлэлт нь хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, утааг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих үүрэгтэй шийдлүүдийг цогцлоосон тул дэлхийн дулаарал, экосистемийн тэнцвэргүй байдал зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалдаг. “Олон Улсын Тээврийн Форум”-ын онцолсноор дижитал тээврийн технологийг бусад үр ашигтай арга хэрэгслүүдтэй хослуулан хэрэгжүүлснээр тээвэрлэлтээс ялгарах нүүрсхүчлийн хийг 18%-аар бууруулах боломжтой юм.
5). Нөөцийн үр ашигтай хуваарилалт:
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг дижитал технологитой хослуулан оновчтой болгосноор шаардлагагүй дэд бүтэц, зам талбайн өргөтгөлийн хэрэгцээг бууруулж, одоо байгаа нөөцийг илүү үр дүнтэй ашиглаж, зам өргөтгөл, бүтээн байгуулалтад зориулагдаагүй газар нутгийг хадгалж үлдэхэд чухал нөлөө үзүүлдэг. “Америкийн Тээврийн Судалгааны Институт”-ын тооцоолсноор дижитал технологиор дамжуулан ачаа тээврийн үйл ажиллагааг оновчтой болгосноор шинэ дэд бүтцийн хэрэгцээг 30 хүртэл хувиар бууруулж, тээврийн зориулалтаар газар ашиглалтыг багасгах боломжтой юм.
Түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгалийн үнэт баялгийг хадгалан хамгаалах замаар дижитал тээвэрлэлт нь байгальд ээлтэй ачаа тээврийн эрин үеийг авчирч байна. Энэхүү хэрэгжүүлэх бүрэн боломжтой давуу талыг ашиглаж, хүрээлэн буй байгаль орчиндоо эерэг нөлөөллийг үзүүлэх нь зөвхөн үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх зэрэг бизнесийн үйл ажиллагаанаас гадна бидний хоч үеийнхнийхээ өмнө хүлээх хариуцлага юм гэдгийг хүн бүр ухамсарлах нь зайлшгүй чухал билээ.

Эх сурвалж:
Journal of Transport Geography
U.S. Energy Information Administration
European Commission’s Joint Research Centre
The Environmental Paper Network
The International Transport Forum
The American Transportation Research Institute
Нийтлэл бичсэн: Г. Баттуул
Comments