Б.Гантулга: "Зарим тохиолдолд ажил хүлээгдээд, удаан зогсох үедээ ном эргүүлж харна аа".
Энэ удаагийн “Тээвэрчин булан”-аар маань Дундговь аймгийн харьяат 34 настай Болдын Гантулга оролцлоо. Тасралтгүй 4 жил гаран тээврийн салбарт ажиллаж байгаа тэрээр одоо эхнэр гурван хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг.
Тээвэрчинтэй ярилцах явцад түүний мэргэжилдээ хэр их дуртайг болон ажлаа жаргаж хийдэг гэсэн мэдрэмжийг хэд хэдэн удаа авч байлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

-Та өөрийн нэг өдрийн ажлын үйл явцын талаар танилцуулбал ?
Миний хувьд АПУ-н сүү түгээлт дээр ажилладаг. Өглөө 6 цагт агуулахаас бараагаа авах ёстой байдаг. Тиймээс 6 цагаас эхэлж ачилтдаа гараад, 7 цаг гэхэд дэлгүүрлүүгээ хөдлөөд гардаг даа. Ажил өглөө 06:00 цагт эхлээд тухайн өдрийнхөө ачилтын хэмжээгээс хамаараад ажил дуусах цаг янз бүр байдаг. Эртдээ 12:00 гэж, удлаа гэхэд өдрийн 3,4 цагт дуусчихдаг даа.
Ажиллах хуваарийн хувьд долоо хоногийн 5 өдөр ажиллаж байгаа. Агуулах Даваа болон Ням гарагт амардаг тул энэ хоёр өдөр амарна. Гэхдээ зарим тохиолдолд Даваа гарагт шуурхай түгээлтэд гарах тохиолдол бас байдаг.
Ер нь сүү түгээж явна гэдэг чинь бас гоёшдээ тэ. Би өөрөө бас боддог юм аа миний сүүн замын километр явж байна даа, сүүн зам татуулж байна даа гэж...(инээв).
-Та хамгийн анхны тээврийнхээ талаар бидэнд хуваалцаач ?
Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат хүн. Анх нутагтаа 2018 оноос дэлгүүрийн бараа орон нутаг руу зөөж, тээврийн гараагаа эхэлж байсан. Одоо Улаанбаатар хотод ирээд сүүлийн 1 жил тээвэрт явж байна даа.
-Та машиныхаа кабинд байнга авч явдаг зүйл бий юу ?
Кабиндаа байнга авч явдаг зүйл гэвэл ном л байна даа. Зарим тохиолдолд ажил хүлээгдээд, удаан зогсох үе гарна, тэр үедээ ном эргүүлж харна аа. Номондоо орчихоор хүн орчноосоо тасарна гэж байдаг даа. Тэгээд л номоо уншаад суудаг даа. Тухтай уншаад суух зав байхгүй тул тийм их ном уншиж чадаагүй ч өдөрт 2,3 хуудсаар явсаар байгаад одоогоор 4 ном уншсан байна.

-“Түмэн тээх”-д бүртгэлтэй гэрээт жолооч болоод хэр удаж байгаа вэ? Энэ нь танд ямар өөрчлөлтийг бий болгосон бэ ?
Өнгөрсөн оны 12 сараас гэхлээр одоо ер нь 5 сар гаруй “Түмэн тээх”-д тогтмол гэрээтэй түгээлтийн ажилд явж байна. Тогтмол гэрээтэй ажилд явах нь гадуур дотуур ачаа хайгаад явахгүй, яг хариуцсан ажлаа өдөр болгон хийгээд явдаг тул их амар байдаг л даа. Эсвэл Нарантуул дээр очоод зогсох ч юм уу, фейсбүүкээр зар хараад ачаа ачсанаас тогтмол нэг юмандаа явах нь илүү үр дүнтэй байдаг.
-Та Түмэн Тээх аппликейшнээ татсан байгаа юу ? Та аппликейшний талаарх сэтгэгдлээ хуваалцвал?